Веб холбоосууд

Санал асуулга

Манай цахим хуудасны талаар үнэлгээ өгнө үү.
 
Хуульчийн эрх зүйн байдлын тухай PDF Print E-mail
Written by Admin   
Thursday, 19 January 2012 12:38

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2011 оны … дугаар сарын ...-ны өдөр

 

Улаанбаатар

хот

 

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай

 

 

Нэгдүгээр бүлэг

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь хуульчийн эрх зүйн байдал, түүний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо,  хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

 

2 дугаар зүйл. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийг;

3.1.2. "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл" (цаашид "хуульчийн тусгай зөвшөөрөл" гэх) гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг  энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг;

3.1.3. "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд тодорхой сонирхлыг төлөөлж шүүн таслах ажиллагаанд оролцох болон хуульч мэргэжлийн хүрээнд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;

3.1.4. "хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага" (цаашид "Хуульчдын танхим" гэх) гэж хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг.

 

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэхүү хуулиар хуульчийн мэргэжлийн шалгалт, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны чиг үүргийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтыг хангах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь зөрчлийн талаархи маргааныг хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага ногдуулах зэрэг харилцааг зохицуулна.

 

 

5 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

5.1. Хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.

 

  5.1.1 Хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа хууль ёсыг сахих;  

Хуульч зөвхөн хуульд заасан арга хэрэгслээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулна.

  5.1.2. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шударга ёсыг хангах;

      5.1.3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хараат бус байх;

             5.1.4. Хуульч мэргэжил, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх.

 

6 дугаар зүйл. Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа

6.1. Хуульч нь нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж буй хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих зорилготой аливаа үйл ажиллагааг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй төлбөртэйгээр явуулна.

 

6.2 Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журмыг Хуульчдын танхим батална.

 

Хоёрдугаар бүлэг

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ

 

7 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн шалгалт

7.1. Хуульчийн мэргэжлийн шалгалт (цаашид "хуульчийн шалгалт" гэх)-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүсэгч этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.

7.2. Хуульчийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, тэгш эрх, шударга ёсыг хангах, ил тод байх, хууль дээдлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, хараат бус байх зарчмыг баримтална.

 

8 дугаар зүйл. Хуульчийн шалгалтын комисс

8.1. Хуульчдын танхимын шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулагдсан хуульчийн шалгалтын комисс (цаашид "шалгалтын комисс" гэх) хуульчийн шалгалтыг зохион байгуулна.

8.2. Шалгалтын комисст Хуульчдын танхимын шүүгч, прокурор, өмгөөлөгч болон хуульч, эрдэмтдийн хорооны төлөөлөл орно.

8.3. Тухайн жилийн шалгалтын комиссын бүрэлдэхүүний тоо, зохион байгуулалт, ажиллах журмыг Хуульчдын танхимын шалгалтын асуудал эрхэлсэн хороо боловсруулж Хуульчдын танхимын зөвлөл батална. 

 

9 дүгээр зүйл. Хуульчийн шалгалтад орох эрх

9.1. Хуульчдын танхимаас магадлан итгэмжилсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй этгээд хуульчийн шалгалтад орох эрхтэй.

 

9.2. Гадаад улсын хууль зүйн сургуулийг төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй этгээдийн хуульчийн шалгалтад орох журмыг Хуульчдын танхим батална.

 

10 дугаар зүй. Хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл гаргах

10.1. Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан этгээд хуульчийн шалгалтад орох тухай өргөдлөө шалгалтын комисст гаргана.

10.2. Шалгалтын комисс энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд өргөдөл хүлээн авна.

10.3. Хуульчийн шалгалтад орохыг хүссэн өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана.

10.3.1. Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;  

10.3.2. эрх зүйн боловсролын дипломын хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

10.3.3. мэргэжлийн дадлагын тухайн байгууллагын тодорхойлолт;

10.3.4. Хуульчдын танхимаас баталсан маягтын дагуу бөглөсөн өргөдөл гаргагчийн биеийн байцаалт.

10.4. Шалгалтын комисс нь хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулахаар байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах, өргөдөлд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгаж үзэх эрхтэй.

 

11 дүгээр зүйл. Хуульч мэргэжлийн дадлага

11.1. Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан мэргэжлийн дадлага гэдэгт дор дурдсан ажил хамаарна.

11.1.1. шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах;

11.1.2. Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах;

11.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан;

11.1.4. хууль зүйн сургуулийн багш, туслах багш, эрх зүйн судалгааны ажилтан.

11.2. Энэ хуулийн 11.1-д зааснаас гадна өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар болон гэрээгээр гүйцэтгэснийг багц цагт шилжүүлж мэргэжлийн дадлагад тооцно.

11.3. Энэ хуулийн 11.2-т заасан мэргэжлийн дадлагад тооцох болон гадаад улсад мэргэжлийн дадлага хийх журмыг Хуульчдын танхим батална.

 

12 дугаар зүйл. Хуульчдын танхим өргөдлийг шийдвэрлэх

12.1. Энэ хуулийн 12.2-т зааснаас бусад тохиолдолд өргөдөл гаргагчид шалгалтад орох зөвшөөрлийг бичгээр өгнө.

12.2. Дор дурдсан үндэслэл байвал Хуульчдын танхим хуульчийн шалгалтад оруулахаас татгалзана.

12.2.1. өргөдөл гаргагч энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

12.2.2. энэ хуулийн 10.3-т заасан баримт бичгийг бүрдүүлээгүй, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;

12.2.3. хуульчийн шалгалтын товд заасан хугацаанд бүртгүүлээгүй:

12.2.4. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө хугацаатай хүчингүй болгуулсан этгээдийн шийтгэлийн хугацаа дуусаагүй.

12.3. Энэ хуулийн 12.2-т заасан үндэслэл байвал Хуульчдын танхимаас өргөдөл гаргагчийг хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэр гаргана.

 

13 дугаар зүйл. Хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах журам

13.1. Өргөдөл гаргагч нь хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө Хуульчдын танхимын хуульчийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гомдол гаргаж болно.

13.2. Хуульчийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо шалгалт эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө гомдлыг эцэслэн шийдвэрлэнэ.

 

14 дүгээр зүйл. Хуульчийн шалгалт явуулах газар, хугацаа

14.1. Хуульчдын танхим хуульчийн шалгалтыг жилд нэг удаа товлон зарлаж, бүсчлэн зохион байгуулна.

14.2. Хуульчийн шалгалтын товыг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

14.3. Хуульчийн шалгалтын товд шалгалтын хуваарь, бүртгэх журам, шалгалт авах газар, хугацаа, шалгалтын дарааллыг заана.

14.4. Хуульчийн шалгалтад орогчийн бүртгэл шалгалтын товыг зарласан өдрөөс эхэлж, шалгалт эхлэхээс 30 хоногийн өмнө дууссан байна.

 

15 дугаар зүйл. Хуульчийн шалгалтын даалгавар

15.1. Шалгалтын комисс шалгалтын даалгаврын нууцлалыг шалгалт эхлэх хүртэл, түүний хариултын нууцлалыг шалгалт дуусах хүртэл хамгаална.

15.2. Шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн хуудсыг тоогоор дугаарлах бөгөөд дугаартай холбогдох шалгалтад оролцогчийн нэр нууцлагдсан байна.

15.3. Шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг гурваас доошгүй шалгагчийн  бүрэлдэхүүнтэйгээр дүгнэж,  дүнг тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар гаргана.

 

16 дугаар зүйл. Шалгалт авах журам

16.1. Хуульчийн шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын шалгалт болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр явагдана.

16.2. Хуульчийн шалгалтын үргэлжлэх нийт хугацаа 3 хоног байна.

16.3. Хуульчийн шалгалтад оролцогч сорилгын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан бол бодлогын шалгалтад орох эрхтэй болно.

16.4. Сорилго болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол шалгалтад тэнцсэнд тооцно.

16.5. Шалгалтын комисс хуульчийн шалгалтын нэгдсэн дүнг шалгалт дууссанаас хойш ажлын 14 өдөрт багтаан шалгалтад оролцогчдын нэрсэд харгалзах тоон дугаараар гаргаж, нийтэд мэдээлнэ.

16.6. Хуульчийн шалгалттай холбогдох бусад асуудлыг Хуульчдын танхимаас баталсан журмаар зохицуулна.

 

17 дугаар зүйл. Хуульчийн шалгалтад тэнцсэн тухай батламж олгох

17.1. Хуульчдын танхимын хуульчийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хуульчийн шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор шалгалтад тэнцсэн этгээдэд батламж олгоно.

 

18 дугаар зүйл. Хуульчийн шалгалтад дахин орох

18.1. Хуульчийн шалгалтад тэнцээгүй болон сахилгын шийтгэл хүлээж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө хугацаатай хүчингүй болгуулсан этгээд сахилгын шийтгэлийн хугацаа дууссанаас хойш хуульчийн шалгалтад дахин орох эрхтэй.

 

 

 

ГУРАВДУГААр бүлэг

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

 

19 дүгээр зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгох журам

19.1. Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын танхимд гишүүнээр элсэх өргөдөл гаргана.

19.2. Өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана.

19.2.1. шалгалтад тэнцсэн батламж;

19.2.2. ял шийтгэлгүй болох тухай тодорхойлолт;

19.2.3. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт.

19.3. Хуульчдын танхим нь өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, хуульчид тавигдах зан байдлын болон эрүүл мэндийн шаардлагыг харгалзан гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

19.4. Хуульчдын танхим өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (цаашид "хуульчийн тусгай зөвшөөрөл" гэх) олгоно.

19.5. Хуульчийн тусгай зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно.

19.6. Хуульчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.

19.7. Хуульчийн тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгоно.

 

20 дугаар зүйл. Хуульчийн тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл

20.1. Дор дурдсан үндэслэл байвал хуульчийн тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлнэ.

20.1.1. өргөдөл гаргагч нь гэмт хэрэгт холбогдон эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа;

20.1.2. өргөдөл гаргагч нь эрүүл мэндийн байдлын улмаас түр хугацаагаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон;

20.1.3. энэ хуулийн 10.3, 19.2-т заасан баримт бичигтэй холбоотой маргаан үүссэн.

 

21 дүгээр зүйл. Хуульчийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл

21.1. Дор дурдсан үндэслэл байвал хуульчийн тусгай зөвшөөрөл өргөдөл гаргагчид олгохоос татгалзна. 

21.1.1. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

21.1.2. энэ хуулийн 10.3, 19.2-т заасан баримт бичиг бүрдүүлээгүй эсхүл хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон;

21.1.3. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны бие даасан байдалд харшлах албан тушаал эрхэлж байвал, эсхүл хуульчийн хувьд хараат бусаар ажиллах боломжгүй  болсон;

21.1.4. төрийн албанд ажиллах эрхээ хугацаатай болон хугацаагүй хасуулсан; 

21.1.5. улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, эсхүл улс төрийн намын болон улс төрийн алба тушаал  хашиж байгаа;

21.1.6. байнгын буюу түр хугацааны цэргийн албан хаагчийн үүрэг сайн дураараа гүйцэтгэж байгаа;

21.1.7.   Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хуульчид хориглох зүйл болон түүнтэй адилтгах үйлдэлд буруутгагдаж байгаа;21.1.8.

 

22 дугаар зүйл. Хуульчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох үндэслэл

            22.1. Хуульчдын танхимын хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал эрхэлсэн хороо (цаашид "мэргэжлийн хариуцлагын хороо" гэх) хариуцлага хүлээлгэж хуульчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосноос бусад хуульчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох харилцааг энэ хуулиар зохицуулна.

22.2. Хуульч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь хүсэлт болон эрх бүхий этгээдийн дүгнэлтээр хуульчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.

22.3. Энэ хуулийн 22.2-т заасан үндэслэлээр хуульчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх асуудлыг Хуульчдын танхим шийдвэрлэнэ.

22.4. Хуульчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хуульчийг гишүүний татвараас чөлөөлнө.

22.5. Хуульчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд Хуульчдын танхим түүнийг сэргээнэ.

22.6. Хуульч өөрөө хүсэлт гаргасан, эсхүл хуульчийн тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон, эсхүл нас барсан бол Хуульчдын танхим хуульчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

            22.7. Энэ хуулийн 22.6-д заасан хуульч өөрөө хүсэлт гаргаж хуульчийн тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулсаны дараа хуульчийн тусгай зөвшөөрөл дахин авах хүсэлт гаргавал энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу  хуульчийн шалгалтад дахин орно.

            22.8 Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр хуульчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгохыг хориглоно.

 

 

ДӨРӨВДҮГЭЭр бүлэг

ХУУЛЬЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

 

23 дугаар зүйл. Хуульчийн тангараг

23.1. Хуульч тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор "Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангараглья. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж Хуульчдын танхимд тангараг өргөнө.

23.2. Хуульчийн тангараг өргөх ёслолыг нээлттэй явуулна.

23.3. Хуульчийн тангараг өргөх ёслолын журмыг Хуульчдын танхимын зөвлөл батална.

 

24 дүгээр зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм

24.1. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг нэгдсэн стандарт бүхий, чанартай хүргэх зорилгоор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм (цаашид "хуульчийн мэргэжлийн дүрэм" гэх)- тэй байна.  хуульчийн

24.2 Хуульчийн мэргэжлийн дүрмийг Хуульчдын Их Хурал батална.

 

25 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг үүрэг

25.1. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхдээ хуульч дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

25.1.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон хуульчийн мэргэжлийн дүрэмд захирагдах;

25.1.2. Хуульчдын танхимын гишүүн байж, гишүүний татвар төлөх;

24.1.3. Хуульчдын танхимын үйл ажиллагаанд хамрагдах;

25.1.4. Хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тодорхой багц цаг хангах;

25.1.5. Хуульчийн мэргэжлийн үүрэг гүйцэтгэх явцад олж мэдсэн мэдээллийг хууль бусаар задруулахгүй байх;

25.1.6. Иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл хийхгүй байх;

25.1.7. Бусдын  хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах;

25.1.8. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

25.2. Энэ хуулийн 25.1.4-д заасан багц цаг, түүнийг хангах журмыг Хуульчдын танхимын үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо батална.

 

26 дугаар зүйл. Хуульчид хориглох зүйл

26.1. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дараах үйлдлийг  хориглоно:

26.1.1. хуульчийн мэргэжлийн дүрмийг өөрөө болон бусдын үйлдлээр дамжуулан зөрчих, зөрчихийг завдах;

26.1.2. хуульчийн үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад ноцтойгоор нөлөөлөх хэрэг, зөрчил үйлдэх;

26.1.3. шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг шударга бус, хууран мэхлэх, хууль бусаар явуулах;

26.1.4.төрийн байгууллага, албан тушаалтанд зүй бусаар нөлөөлөх;

26.1.5 мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах;

26.1.6 үйлчлүүлэгчийнхээ болон ажил үүргийн хувьд холбоотой байгаа этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмших.

26.2. Энэ хуульд зааснаас бусад хориглох зүйлийг хуулиар тогтооно.

 

27 дугаар зүйл. Мэргэжлийн үйл ажиллгааны зөрчлийг мэдэгдэх

27.1. Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдлийг Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдэгдэх үүрэгтэй.

27.2. Энэ хуулийн 27.1-д заасан хуульчийн үүрэг нь мөн хуулийн 35.1-д заасан мэдээлэл болон Хуульчдын танхимын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн байгууллагын нууцад хамаарах мэдээлэл хамаарахгүй.

 

28 дугаар зүйл. Мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд ногдуулах хариуцлага

28.1. Мэргэжлийн хариуцлагын хороо, хууль тогтоомж, Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн тухай хүсэлт, гомдлын дагуу маргаан үүсгэж зөрчил гаргасан хуульчид энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

28.2. Зөрчил гаргасан хуульчид дор дурдсан шийтгэлийг ногдуулна:

28.2.1. хаалттай болон нээлтэй сануулах;

28.2.2. шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх эсхүл  хасах;

28.2.3. хуульчийн тусгай зөвшөөрлийг хугацаатай эсхүл хугацаагүй түдгэлзүүлэх;

28.2.4. хуульчийн тусгай зөвшөөрлийг хугацаатай эсхүл  хугацаагүй хүчингүй болгох.

28.3. Зөрчил гаргасан хуульчид өөрт нь ганцаарчлан сануулахыг хаалттай, олон нийтэд зарлаж сануулахыг нээлттэй гэнэ.

28.4. Мэргэжлийн хариуцлагын хорооноос шүүхэд төлөөлөх эрхийг болон хуульчийн тусгай зөвшөөрлийг хугацаатай түдгэлзүүлсэн бол хугацаа дууссанаар эрх болон зөвшөөрөл шууд сэргээгдэнэ. Шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай хассан бол дурдсан хугацаа дуусгавар болсны дараа эрхийг сэргээх асуудал Хуульчдын танхимын ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дүгнэлтээс хамаарна.

28.5. Мэргэжлийн хариуцлагын хорооноос хуульчийн тусгай зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгосон бол дурдсан хугацаа дуусгавар болсны дараа тухайн этгээд энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хуульчийн шалгалтад дахин орж болно.

28.6. Мэргэжлийн хариуцлагын хорооноос шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүй хассан, хуульчийн тусгай зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгосон бол эрх болон тусгай зөвшөөрөл дахин олгогдохгүй.

28.7. Мэргэжлийн хариуцлагын хороо ёс зүйн болон нөлөөллийн сургалтад албадан оролцуулах нэмэгдэл шийтгэлийг ногдуулж болно. Сургалтын зардлыг шийтгэл хүлээгч этгээд өөрөө хариуцна.

 

29 дүгээр зүйл. Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх

29.1. Хуульч хуульчийн тусгай зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бичигдэнэ.

29.2. Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсч буй хуульч өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна.

29.3. Хуульч Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

29.3.1. хуульчийн тусгай зөвшөөрлийн хуулбар;

29.3.2. өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбар.

29.4. Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээр шүүхэд төлөөлөх эрх нээгдэнэ. Шүүхэд төлөөлөх өмгөөлөгчийн эрхийг зөвхөн энэ хуулиар хязгаарлана.

29.5. Өмгөөлөгч нь шүүхэд төлөөлөх, шүүн таслах ажиллагаанд оролцох (цаашид "өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх" гэх) эрхтэй, бие даасан мэргэжилтэн байна.

29.6. Өмгөөлөгч "хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, өмгөөлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ тангараглаж байна" гэж өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болсон анхны шүүх хурал дээр өмгөөлөгчийн тангараг өргөнө.

29.7. Тангараг өргөсөн тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөх бөгөөд тэмдэглэлд тангараг өргөсөн өмгөөлөгч болон байлцсан шүүгчид гарын үсэг зурна. Тэмдэглэл өмгөөлөгчийн хувийн хэрэгт хадгалагдана.

 

30 дугаар зүйл. Прокурорын шүүхэд төлөөлөх эрх

30.1. Хуульч прокуророор томилогдвол прокурорын тангараг өргөснөөр шүүхэд төлөөлөх эрх нээгдэнэ.

30.2. Прокурорын тангараг өргөх ёслолын журмыг Улсын ерөнхий прокурор тогтооно.

 

31 дүгээр зүйл. Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалт, жагсаалтаас хассаны үр дагавар

31.1. Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтыг нэгдсэн нэг дугаарлалтын дагуу хөтөлнө.

31.2. Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад хуульчийн хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшсэн огноо, хуульчийн тусгай зөвшөөрөл авсан огноо, ажлын байрны хаяг, эрх зүйн мэргэшсэн чиглэл, өмгөөлөгчийн хувийн дугаар бичигдэнэ.

31.3. Өмгөөлөгчийн жагсаалт дахь мэдээлэл өөрчлөгдсөн нь жагсаалтын нэгдсэн дугаар өөрчлөгдөх үндэслэл болохгүй.

31.4. Дараах тохиолдолд өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтаас хасна.

31.4.1. өмгөөлөгч нас барсан;

31.4.2. шүүхэд төлөөлөх эрх хасагдсан.

31.5. Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтаас хасагдсан нь шүүхэд төлөөлөх эрхээс бусад хуульчийн үйл ажиллагааны эрхийг хязгаарлахгүй.

31.6. Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй болгож, хэвлэн нийтлэх үүргийг Хуульчдын танхим хариуцна.

 

32 дугаар зүйл. Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

32.1. Мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор өмгөөлөгч хариуцлагын даатгалд заавал даатгуулна.

32.2. Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамжийн доод хэмжээг Хуульчдын танхим тогтооно. Өмгөөлөгч нь хариуцлагын даатгалд даатгуулах даатгалын байгууллагаа өөрөө сонгоно.

 

33 дугаар зүйл. Хуульчийн сурталчилгаа

33.1. Хуульчийн сурталчилгаа нь өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэнэ.

33.2. Хуульчийн сурталчилгаанд бусад хуульчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл агуулахыг хориглоно.

 

34 дүгээр зүйл. Мэргэшсэн хуульчид тавигдах шаардлага

34.1. Хуульч нь хамгаалсан эрдмийн зэрэг, шүүхийн өмнө төлөөлөх чиглэлээрээ мэргэшсэн хуульч гэх нэршлийг хэрэглэж болно. 34.2. Энэ хуулийн 34.1-д заасан нэршлийг хэрэглэж байгаа бол дараах шаардлагыг заавал хангана.

34.2.1. шүүхийн өмнө төлөөлөх нэг чиглэлийг онцлон түүгээрээ мэргэшсэн хуульч нэршил авахыг хүсч байгаа бол;

34.2.2. гурваас доошгүй жил Хуульчдын танхимын тухайн чиглэлийн хороонд гишүүнчлэлтэй байгаа бол;

34.2.3. энэ хуулийн 25.1.5-д заасан үргэлжилсэн сургалтаар 3 жил тутам хангах ёстой багц цагийн гуравны хоёроос доошгүй агуулга тухайн чиглэлээр байгаа бол.

34.3. Энэ хуулийн 34.2-т заасан шаардлагын аль нэгийг хангаагүй бол мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэхийг хориглоно.

 

35 дугаар зүйл. Мэргэжлийн үйл ажиллагааны нууц

35.1. Хуульч хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой аливаа мэдээлэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцад хамаарна. Хуульч үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр мэдээллийг задруулахыг хориглоно.

35.2. Аливаа этгээдээс хуульчид эрх зүйн туслалцаа хүсч хандсан болон үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан хуульчийг гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор асуухыг хориглоно.

35.3. Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг задруулах, эсхүл өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.

35.4. Хуульч мэргэжлийн үйл ажиллагааны нууцаа хугацаагүй хадгална.

35.5. Хуульд зааснаас бусад тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульчийн яриаг чагнах, албан байранд үзлэг, нэгжлэг хийх, баримт бичгийг гаргуулан авахыг хориглоно.

35.6. Хуульчийн мэргэжлийн нууцыг мэдэх болсон хуульчийн туслах, түүний байгууллагын бусад ажилтан уг нууцыг хадгалах үүрэгтэй.

35.7. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцыг хуулиар хамгаална.

 

 

ТАВдугаар бүлэг

ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

 

36 дугаар зүйл. Өмгөөлийн үйлчилгээний үндсэн зарчим

36.1. Өмгөөллийн үйлчилгээнд дараах зарчмыг баримтална:

36.1.1. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;

36.1.2. хууль дээдлэх;

36.1.3. өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох;

36.1.4. хараат бус байх.

 

37 дугаар зүйл. Өмгөөллийн үйлчилгээний төрөл

37.1. Өмгөөлөгч энэ хуулийн 19.5-д заасан үйл ажиллагаанаас гадна дараах хэлбэрийн үйлчилгээг үзүүлнэ.

37.1.1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;

37.1.2. иргэний хэрэг шүүхэд болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;

37.1.3. эрүүгийн байцаан шийтгэх болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох;

       37.1.4. олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;

37.1.5. шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;

37.1.6. хууль тогтоомжоор хориглоогүй  эрх зүйн бусад туслалцаа үзүүлэх.

            37.2. Эрүү, иргэн, захиргааны хэрэг, зөрчлийг эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг холбогдох хуулиар тогтооно.

 

38 дугаар зүйл. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

38.1. Өмгөөллийн үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, мөн хуулийн этгээд  байгуулан үзүүлж болно. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна.

38.2. Өмгөөллийн үйлчилгээ хамтран үзүүлэх хуулийн этгээд (цаашид "Өмгөөллийн хуулийн этгээд" гэх)-ийн хэлбэр нь нөхөрлөл байна. Өмгөөллийн хуулийн этгээдийн энэ хуульд заагаагүй бусад харилцааг Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулна.

38.3. Өмгөөлийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор аж ахуйн нэгжийн төрөл, оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг Хуульчдын танхимд бүртгүүлэх бөгөөд бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүрт бичгээр мэдэгднэ.

38.4. Өмгөөллийн хуулийн этгээдийн оноосон нэрийн урд "өмгөөллийн" гэсэн үгийг заавал хэрэглэнэ.

38.5. Өмгөөллийн хуулийн этгээд нь хуулийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

38.6. Өмгөөллийн хуулийн этгээдийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүд нь өмгөөлөгч байна.

38.7. Өмгөөлөгч нь хуульчийн тусгай зөвшөөрөлгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар өмгөөллийн үйлчилгээ явуулж болохгүй.

 

39 дүгээр зүйл. Өмгөөллийн үйлчилгээгээр хангах

39.1. Хууль зүйн туслалцаа хүсэгч нь өмгөөлөгчид шууд хандаж хэлцэл хийх, эсхүл Хуульчдын танхимд хүсэлт гаргах ба Хуульчдын танхим өмгөөлөгчдийн нэр, хаягийн лавлагаа өгөх үүрэгтэй.

39.2. Иргэн, хуулийн этгээдийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь өмгөөлөгч болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаа өгөх үүрэгтэй.

39.3. Хууль зүйн туслалцаа хүсэгч нь эрүүл мэнд, төлбөрийн чадвар болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь энэ тухай Хуульчдын танхимд мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авна.

39.4. Энэ хуулийн 39.1, 39.2, 39.3-т заасан тохиолдолд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж, тулгахыг хориглоно .

 

40 дүгээр зүйл. Өмгөөлөгчийн үүрэг

40.1. Өмгөөлөгч энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ.

40.1.1. үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах;

40.1.2. өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүн болон үйлчлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх;

40.1.3. үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;

40.1.4. төлбөрийн чадваргүй иргэнд хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;

40.1.5. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

 

41 дүгээр зүйл. Өмгөөлөгчийн давхар ажил эрхлэлт

41.1. Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон хуульчдын танхимд хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.

41.2. Өмгөөлөгч үндсэн үйл ажиллагаатай нь харшлахгүй төрийн бус болон шашны байгууллагад ажиллаж болно.

 

42 дугаар зүйл. Өмгөөллийн үйлчилгээний баталгаа

42.1. Өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь дарамт, шахалт үзүүлэх буюу хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.

42.2. Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахын тулд шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байууллага, бусад байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй.

42.3. Энэ хуулийн 42.2-т заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд  байгууллага, албан тушаалтан өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээ авна.

42.4. Өмгөөлөгч Хуульчдын танхимаар уламжлуулан хүсэлт гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан үндэслэлгүйгээр мөрдөх, эрхийг нь хязгаарлахаас хамгаалах арга хэмжээ авна.

 

43 дугаар зүйл. Өмгөөллийн үйлчилгээний хөлс

43.1. Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авна. Өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.

43.2. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгийн болон бусад байдлыг нь харгалзан түүнийг өмгөөллийн үйлчилгээний хөлснөөс чөлөөлж болно.

 

 

ЗУРГАдугаар бүлэг

ХУУЛЬЧДЫН ТАНХИМ

 

44 дүгээр зүйл. Хуульчдын танхим, түүний гишүүнчлэл

44.1. Хуульчдын танхим хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох хуульчийн эрх ашгийг хамгаалах, ур чадварыг нэмэгдүүлэх болон энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

44.2. Хуульчийн тусгай зөвшөөрөлтэй хуульч бүр Хуульчдын танхимын гишүүн байна.

44.3. Хуульчид сайн дураараа нэгдэж төрийн бус байгууллага байгуулж болно. Хуульчдын байгуулсан төрийн бус байгууллага нь энэ хуультай зөрчилдөхгүй бол Хуульчдын танхимын үйл ажиллагаанд хорооны эрх эдэлж, үүрэг хүлээх байдлаар оролцож болно.

44.4. Шүүгч, прокурор өөрсдийн нэр хүнд, хариуцлалагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжихээс бусад зорилгоор мэргэжлийн болон төрийн бус бусад байгууллагад эвлэлдэн нэгдэхийг хориглоно.

44.5. Хуульчдын танхим хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.

44.6. Энэ хуулийн 44.5-т заасан бүртгэлийн журмыг Хуульчдын танхимын зөвлөл батална.

 

45 дугаар зүйл. Хуульчдын танхимын чиг үүрэг

45.1. Хуульчдын танхим дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

45.1.1. хуульчийн шалгалт зохион байгуулах;

45.1.2. хуульчийн тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

45.1.3. хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох;

45.1.4. хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

45.1.5. хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, сахиулах;

45.1.6. хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороог байгуулан ажиллуулах

45.1.7. шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох;

45.1.8. хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх;

45.1.9. хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх;

45.1.10. хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлд судалгаа хийх;

45.1.11. мэргэжлийн чиглэлээр бодлогын нөлөөлөл, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа болон төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;

45.1.12. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын нэрийг дэвшүүлэх.

45.2. Энэ хуулийн 45.1.11-д заасан төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх өмгөөллийн үйлчилгээний зардлыг төр хариуцна.

 

46 дугаар зүйл. Хуульчдын их хурал

46.1. Хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын их хурал (цаашид "Их хурал" гэх) байна.

46.2. Их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

46.2.1. Хуульчдын танхимын дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

46.2.2. Хуульчийн мэргэжлийн дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

46.2.3. Хуульчдын танхимын Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;

46.2.4. Хуульчдын танхимын зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;

46.2.5. мэргэжлийн хариуцлагын хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;

46.2.6. Хуульчдын танхимын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонсох, зөвлөмж өгөх;

46.2.7. Хуульчдын танхимын гишүүний татварын хэмжээг тогтоох;

46.2.8. Хуульчдын танхимын дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.

46.3. Их хурлын ээлжит хуралдаан хоёр жилд нэг удаа хуралдана. Их хурал даргалагчаа сонгож, хуралдааны дэгээ тогтооно.

46.4. Их хурал хуульчдын төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

46.5. Их хуралд оролцох хуульчдын төлөөлөгчдийг сонгох журмыг Хуульчдын Танхимын дүрмээр тогтооно. Их Хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь хуульчийн тусгай зөвшөөрөлтэй эрдэмтэд болон бусад хуульчдын төлөөлөл байна.

46.6. Их хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хурал эхлэхээс 21 хоногийн өмнө Хуульчдын танхимын Ерөнхийлөгч өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.

46.7. Их хурал асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.

46.8. Төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар Их хуралд хүрэлцэн ирэх боломжгүй бол саналаа бичгээр битүүмжлэн ирүүлж болно.

46.9. Энэ хуулийн 46.8-д заасны дагуу ирсэн саналыг хэлэлцэх журмыг хуралдааны дэгээр зохицуулна.

 

47 дугаар зүйл. Хуульчдын танхимын Ерөнхийлөгч

47.1. Хуульчдын танхимын Ерөнхийлөгч (цаашид "Ерөнхийлөгч гэх") нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлэгч, хуульчдыг байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч хуульч байна.

47.2. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй.

47.3. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хуульч нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд шүүхэд төлөөлөх эрхээсээ түдгэлзэнэ.

47.4. Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг эдэлнэ.

47.4.1. Хуульчдын танхимын зөвлөлтэй зөвшилцөн Их хурлыг зарлан хуралдуулах;

47.4.2. Хуульчдын танхимын зөвлөлийн хуралдааныг даргалах;

47.4.3. Хуульчдын танхимыг гадаад, дотоодод төлөөлөх;

47.4.4. Хуульчдын танхимын зөвлөлд Хуульчдын танхимын тамгын газрын даргад нэр дэвшигчийн нэрийг оруулах;

47.4.5. энэ хуулиар болон Хуульчдын танхимын дүрмээр олгосон бусад бүрэн эрх.

47.5. Ерөнхийлөгч Хуульчдын танхимын захиргааны үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

 

48 дугаар зүйл. Хуульчдын танхимын зөвлөл

48.1. Хуульчдын танхимын зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) нь Хуульчдын танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага байна.

48.2. Зөвлөл нь 30-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гишүүд нь энэ хуулийн 49.3-т заасан хороодын төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байх ба нэг удаа улируулан ажиллуулж болно.

48.3. Энэ хуулийн 48.2-т заасан зөвлөлийн гишүүдээс гадна хууль зүйн сургуулийн оюутны болон хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж буй эрх зүйчдээс тус тус нэг төлөөлөл байна. Энэ зүйлд дурдсан зөвлөлийн гишүүний бүрэн эрх 1 жил байх ба зөвлөлийн хуралд саналын эрхгүй оролцоно.

48.4. Энэ хуулийн 48.2-т заасан Зөвлөлийн гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр зөвлөлийн хурал хүчинтэй болж, ирсэн гишүүдийн олонхийн саналаар шийдвэр батлагдана. Зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

48.5. Зөвлөлийн хуралдаанд гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд Ерөнхийлөгч санал өгөх эрхтэй. Түүнээс бусад тохиолдолд Ерөнхийлөгч саналын эрхгүй байна. 

48.6. Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

48.6.1. Хуульчдын танхимын ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

48.6.2. хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэж Их хуралд оруулах, дүрмийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэх;

48.6.3. энэ хуульд заасан бусад дүрэм, журмыг батлах;

48.6.4. энэ хуулийн 46.2.5-д заасан Мэргэжлийн хариуцлагын хорооноос бусад чиг үүргийн хороог байгуулж, даргыг нь 2 жилийн хугацаатайгаар томилох;

48.6.5. чиг үүргийн хорооноос бусад хороог батламжлах;

48.6.6. Хуульчдын танхимын хяналтын зөвлөл /цаашид "Хяналтын зөвлөл" гэх/-ийн бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх;

48.6.7. Хуульчдын танхимын тамгын газрын дарга /цаашид "Тамгын газрын дарга" гэх/-ыг томилох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;

48.6.8. Хуульчдын танхимын тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/-ын бүтэц, орон тоог батлах, ажилтнуудын цалингийн хэмжээг тогтооох;

48.6.9. Хуульчдын танхимын төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, батлах;

48.6.10. Хуульчдын танхимын болон Хуульчийн мэргэжлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Их хуралд оруулах;

48.6.11. Тамгын газрын орон нутаг дахь салбар, нэгжийг байгуулах, татан буулгах;

48.6.12. Хуульчдын танхимын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хуульчдаас гаргасан өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх, шаардлагатай бол Их хурлаар хэлэлцүүлэх;

48.6.13. энэ хууль болон хуульчдын танхимын дүрэм, Хуульчдын танхимаас баталсан журмуудын биелэлтэд хяналт тавих;

48.6.14. энэ хууль болон хуульчдын танхимын дүрэмд зааснаас бусад танхимын зохион байгуулалтын бүтцийг байгуулах, өөрчлөх, татан буулгах.

48.7. Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

 

49 дүгээр зүйл. Хуульчдын танхимын хороод

49.1. Хуульчдын танхим нь энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ. Энэ зүйлд дурдсан хороодыг "Чиг үүргийн хороо" гэж нэрлэнэ.

49.2. Чиг үүргийн хорооны хуралдаан гишүүдийн олонх ирснээр хүчинтэй болж, шийдвэрийг олонхийн саналаар батална. Санал тэнцсэн тохиолдолд хорооны даргын саналаар шийдвэрлэнэ.

49.3. Эрх зүйн салбар, мэргэшил болон тусгай асуудлуудаар танхимын гишүүд сайн дураараа нэгдэж хороо байгуулж болно.

49.4. Энэ хуулийн 49.3-т заасан хороо нь дараах шаардлагыг хангана:

49.4.1. хороонд нэгдсэн гишүүдийн тоо 20-оос доошгүй байх;

49.4.2. хорооны оноосон нэр, түүнийг тодорхойлж буй эрх зүйн салбар, мэргэшил, тусгай сонирхол нь үйл ажиллагаа явуулж байгаа бусад хороотой давхцахааргүй байх;

49.4.3. хорооны үйл ажиллагаа Чиг үүргийн хорооны үйл ажиллагаатай зөрчилдөхөөргүй байх;

49.5. Энэ хуулийн 49.4-т заасан шаардлагыг хангаагүй хороог Зөвлөл батламжлахгүй.

49.6. Энэ хуулийн 49.3-т заасан хорооны даргыг хорооны гишүүд дотроосоо сонгоно. Хорооны даргын бүрэн эрхийн хугацаа 2 жил байна.

49.7. Энэ хуулийн 49.3-т заасан хороо тус бүр нэг төлөөллөө дотроосоо сонгон Зөвлөлд гишүүнээр суулгана. Хорооны гишүүний тоо 50 ба түүнээс дээш бол хоёр, 100 ба түүнээс дээш бол нь гурав, 200 ба түүнээс дээш бол дөрвөн гишүүнийг тус бүр төлөөлөгчөөр Зөвлөлийн бүрэлдхүүнд сонгоно. Нэг хорооны Зөвлөлд суух төлөөллийн дээд хязгаар дөрөв байна.

49.8. Хуульч гурваас илүүгүй хороонд харьяалагдаж, Хуульчдын танхимын үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

49.9. Чиг үүргийн хорооны гишүүнээр ажиллавал чиг үүргийн болон бусад хороог оролцуулаад таваас илүүгүй хороонд ажиллаж болно. Энэ зүйлд заасан нөхцөл нь энэ хуулийн 49.8-д заасан чиг үүргийн хорооноос бусад хороонд харьяалагдах дээд хязгаарт хамаарахгүй. 

49.10. Энэ хуулийн 49.3-т заасан хороо Хуульчдын танхимын гишүүний татвараас гадна хорооны татвартай байж болно.

49.11. Энэ хуулийн 49.1-д заасан чиг үүргийн хорооны энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хуульчдын танхимын дүрмээр зохицуулна.

49.12. Чиг үүргийн хорооноос бусад хорооны энэ хуулиар зохицуулаагүй харилцааг холбогдох хорооны дүрмээр зохицуулна.

 

50 дугаар зүйл. Тамгын газар

50.1. Тамгын газар  нь хуульчдын танхим, түүний чиг үүргийн хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, бусад хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

50.2. Тамгын газрыг дарга удирдана.

50.3. Тамгын газрын дарга болон бусад ажилтан хуульчийн тусгай зөвшөөрөлгүй этгээд байна. Хуульчийн тусгай зөвшөөрөлтэй бол зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

50.4. Тамгын газар өмгөөлөгчдийн нэр, хаягийн лавлагааг бэлтгэж хэвлэх үүрэгтэй.

50.5. Тамгын газрын даргын эрх хэмжээг Хуульчдын танхимын дүрмээр тогтооно.

 

51 дүгээр зүйл. Хяналтын зөвлөл

51.1. Хяналтын зөвлөл нь Хуульчдын танхимын эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

51.2. Хяналтын зөвлөл нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ба тэдгээрийг 3 жилийн хугацаагаар томилно.

 

52 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо

52.1. Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо (цаашид "шалгалтын хороо" гэх) нь Хуульчдын танхимын шүүгч, прокурор, өмгөөлөгч мөн хуульч эрдэмтэдийн хорооны гишүүдийн төлөөлөл оролцсон 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

52.2. Шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг Зөвлөл батална.

52.3. Шалгалтын хороо дараах эрх хэмжээтэй байна:

52.3.1. хуульчийн шалгалт зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комисс байгуулах;

52.3.2. хуульчийн шалгалт зохион байгуулах журам боловсруулж, батлуулах;

52.3.3. хуульчийн шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;

52.4. Шалгалтын хороо хуульчийн шалгалт зохион байгуулах тухай бүрт Шалгалтын комиссыг байгуулна. Шалгалтын комисст Хуульчдын танхимын тамгын газрын шалгалт хариуцсан ажилтан болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгч орж болно.

52.5. Шалгалтын комисс нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:  

52.5.1. энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хуульчийн шалгалтыг зохион байгуулах;

52.5.2. сорилгын болон бодлогын шалгалтад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх;

52.5.3. хуульчийн шалгалтын дүнг үнэн зөв нэгтгэн Шалгалтын хороонд хүргүүлэх;

52.5.4. шалгалтын даалгаврын боловсруулалт, даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх аргачлалыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах.

52.6. Шалгалтын комиссын гишүүд урамшуулалтай байна.

52.7. Энэ хуулийн 52.5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, 52.6-д заасан урамшууллыг олгох журмыг Зөвлөлөөс тогтооно.

 

53 дугаар зүйл. Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо

53.1. Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо (цаашид "сургалтын хороо" гэх) нь Хуульчдын танхимын хуульч эрдэмтэдийн хороо болон бусад хороодын төлөөллөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

            53.2. Сургалтын хороо нь хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлж, хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянаж хэлэлцэх, сургалт явуулах багш нарын талаар санал өгөх, сургалтын явц үр дүнгийн талаар дүгнэлт гаргах, үргэлжилсэн сургалтын багц цаг тооцох аргачлал, журмыг боловсруулж Зөвлөлөөр батлуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

53.3. Сургалтын хороо нь хуульчийн үргэлжилсэн сургалтын чанар, хүртээмж, заавал мэдвэл зохих агуулгад суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулахад Хуульчдын танхимын бусад хороог оролцуулах ажлыг хариуцна.

 

54 дүгээр зүйл. Хуульчийн ёс зүйн асуудал эрхэлсэн хороо

54.1. Хуульчийн ёс зүйн сургалтыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсруулах, сургалтын үр дүнг тодорхойлох, хуульчийн ёс зүйн асуудлаар судалгаа хийх зэрэг ажлыг Хуульчдын танхимын ёс зүйн асуудал эрхэлсэн хороо (цаашид "ёс зүйн хороо" гэх) зохион байгуулна.

54.2. Ёс зүйн хороонд хуульчийн ёс зүйн асуудлаар судалгаа хийдэг хуульч эрдэмтэн, хууль зүйн сургуульд тухайн чиглэлээр хичээл заадаг хуульч багш болон хуульчийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, ёс зүйн хувьд хуульчдыг манлайлах эрмэлзлэлтэй хуульчид сайн дураар нэгдэн ажиллана.

54.3. Ёс зүйн хорооны гишүүд бүх шатны шүүгчид нэр дэвшиж буй хуульч болон Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр нэр дэвшиж буй шүүгч, прокурор, өмгөөлөгчийн зан байдлын талаар дүгнэлт гаргах шинжээчээр ажиллах эрхтэй.

 

55 дугаар зүйл. Хуульчийн сургалт зохион байгуулах хугацаа

55.1. Хуульчийн үргэлжилсэн болон ёс зүйн сургалтыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна.

 

56 дугаар зүйл. Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо

56.1. Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо (цаашид "хуульчдын эрхийг хамгаалах" хороо) нь Хуульчдын танхимын шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн болон бусад мэргэшлийн чиглэлээр байгуулагдсан хуульчдын хорооны төлөөлөгчдөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тус хороонд шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны төлөөлөл тус бүр 3, бусад хуульчдын хороодын нийт төлөөлөл 4 байна.

56.2.  Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тийм үйл ажиллагааг дэмжих замаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах чиг үүрэгтэй байна.

56.3. Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь энэ хуулийн 56.2-т заасан чиг үүргээ хуульчдын ерөнхий сонирхол хөндөгдсөн нөхцөлд хороо өөрөө хэрэгжүүлнэ.

56.4. Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй, прокурорын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран комисс байгуулна.

 

57 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн дүрэм боловсруулах, хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх асуудал эрхэлсэн хороо

57.1. Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дүрэм боловсруулах, хэрэгжилтийг хангах асуудлыг эрхэлсэн хороо (цаашид "мэргэжлийн дүрмийн хороо" гэх) нь Хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах, түүний хэрэгжилтэд шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна.

57.2. Мэргэжлийн дүрмийн хорооны бүрэлдэхүүн нь дарга  20 гишүүнээс бүрэлдэх ба гишүүдийн 40 хувь нь шүүгч, прокурор, 40 хувь нь өмгөөлөгч, 20 хувь нь хуульч эрдэмтэдээс бүрдэнэ.

57.3. Мэргэжлийн дүрмийн хороо хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтийн тайланг Зөвлөлд танилцуулна.

           

58 дугаар зүйл. Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудлыг эрхэлсэн хороо

58.1. Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо (цаашид "магадлан итгэмжлэлийн хороо" гэх) нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, хууль зүйн сургуулиудад тавигдах нэгдсэн стандартыг боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.

58.2. Магадлан итгэмжлэх хорооны бүрэлдэхүүн Хуульчдын танхимаас магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулиудын захирал, Хуульчдын танхимын хуульч эрдэмтэдийн болон хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо (цаашид "Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо" гэх)-дын төлөөллөөс бүрдэнэ.

58.3. Магадлан итгэмжлэх хорооны бүрэлдэхүүнд байгаа магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын захирал болон Хуульчдын танхимын хуульч эрдэмтэд, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны төлөөлөгчдийн тоо харилцан тэнцүү байна.

58.4. Магадлан итгэмжлэх хорооны бүрэлдэхүүнд Хуульчдын танхимын хууль зүйн сургуулиудын оюутны хорооны төлөөллийг оруулж болно.

 

59 дүгээр зүйл. Хууль зүйн сургуулиудын магадлан итгэмжлэл

59.1. Хууль зүйн сургуулиуд Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагаас гадна Хуульчдын танхимаас тогтоосон шаардлагыг хангасан байна.

59.2. Хуульчдын танхим энэ хуульд заасан хуульчийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зүйн сургуулиудад дараах шаардлагыг тогтооно.

59.2.1. хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрт тавигдах стандарт;

59.2.2. хууль зүйн сургуулийн багшлах бүрэлдэхүүнд тавигдах стандарт;

59.2.3. хууль зүйн сургуулийн боловсролын орчинд тавигдах стандарт;

59.2.4. хууль зүйн сургуулийн оюутны заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын стандарт;

59.3. Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж буй оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа 4 жилээс багагүй байна. Энэ зүйлд заасан багц цаг нь Хуульчдын танхимын баталсан хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн мэргэжлийн хичээлийн агуулгаар илэрхийлэгдэнэ.

59.4. Хуульчдын танхим нь Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргээ комисс (цаашид "магадлан итгэмжлэх комисс" гэх) байгуулах замаар хэрэгжүүлнэ.

59.5. Магадлан итгэмжлэх комисс нь Боловсролын тухай хуулийн 26.2-т заасны дагуу эрх олж авах бөгөөд Комиссын дүрмийг Хуульчдын танхимын Ерөнхийлөгч болон Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

59.6. Магадлан итгэмжлэгдсэн сургуулийг 6 жил тутамд дахин хянана.

 

60 дугаар зүйл. Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, бодлогын нөлөөлөл хийх

60.1. Улсын Их Хурлын хүсэлтээр хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх ажлыг Тамгын газар зохих хороодтой хамтран зохион байгуулна.

60.2. Хууль зүйн мэргэжлийн бодлогын асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц болон Дээд шүүхийн өмнө Хуульчдын танхим төлөөлнө. Энэ зүйлд заасан Хуульчдын танхимын чиг үүрэг нь Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хууль зүйн нэгдсэн бодлого тодорхойлох бүрэн эрхийг хязгаарлахгүй.

60.3 Хуульчдын танхим бодлогын нөлөөллийн ажлыг зохион байгуулах асуудлыг чиг үүргийн хороогоор дамжуулан хэрэгжүүлэх ба түүний дэргэд Зөвлөхүүдийн зөвлөл ажиллана. Зөвлөхүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн одоо эрхэлж буй ажил нь давхар ажил эрхлэлтээр хязгаарлагдаагүй бол Хуульчдын танхимын ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хуульчдаас бүрдэнэ. 

60.4. Хуульчдын танхим дэргэдээ бодлогын асуудлаар дэмжлэг үзүүлэх судалгаа, шинжилгээний бүтэцтэй байж болно.

60.5. Энэ хуулийн 60.3-т заасан хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүнийг Зөвлөл батална.

 

61 дүгээр зүйл. Шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох

61.1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс байгуулагдсан шүүгч сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд Хуульчдын танхим төлөөлөл орно.

61.2. Шүүгч сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд Хуульчдын танхимын шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны гишүүдийн төлөөлөл орно. Хуульчдын танхимд мэргэшсэн хуульчдын чиглэлээр иргэний, захиргааны, эрүүгийн эрх зүйн хуульчдын хороо байгуулагдсан бол өмгөөлөгчдийн хорооны төлөөлөлд зохих чиглэлийн мэргэшсэн хорооны төлөөллийг оролцуулна.

61.3. Шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн нэр хүндийн талаархи дүгнэлтийг Хуульчдын танхим гаргана.

 

62 дугаар зүйл. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын нэрийг дэвшүүлэх

62.1. Хуульчдын танхим Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шалгаруулалт явуулах тухай зарлалыг шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шалгаруулалт явуулах тухай зарлалд түүнд нэр дэвшүүлэх болзол, журам, нэрээ дэвшүүлэхийг хүсэгч этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, нэр дэвшигчдийг шалгаруулах хугацаа, журам, газрыг тодорхойлсон мэдээлэл байна.

62.2. Шүүхийн захиргааны тухай хуулийн ...-д заасан зохих болзол шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлэх эрхтэй.

62.3. Энэ хуулийн 62.2-т заасан этгээд (цаашид "өргөдөл гаргагч" гэх) нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад өрсөлдөхөөр нэр дэвшихийг хүссэн өргөдөлдөө дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

62.3.1. Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;

62.3.2. хуульчийн мэргэжлийн тусгай зөвшөөрлийн хуулбар;

62.3.3. ял шийтгэгдэж байгаагаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

62.3.4. хувийн сонирхлын болон хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг бөглөсөн хуудас.

62.4 Энэ хуулийн 62.3.1, 62.3.2-т заасан баримт бичгийг шуудангаар ирүүлэх тохиолдолд тэдгээрийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

62.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шалгаруулах комисс энэ хуулийн 62.2-т заасан зохих болзол шаардлагыг өргөдөл гаргагч хангаж байгаа болон өргөдөлд хавсаргасан баримт үнэн зөв эсэхийг харгалзан түүнийг бүртгэнэ. Өргөдөл гаргагчийг бүртгэмэгц тухайн Хуульчдын танхимын болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

62.6. Хуульчдын танхим нь өргөдөл гаргагчийн эрүүл мэндийн тодорхойлолтыг шаардаж авна. Хуульчдын танхимаас томилогдсон эмч тодорхойлолт гаргана. Эрүүл мэндийн тодорхойлолт хийлгэсэн төлбөрийг өргөдөл гаргагч өөрөө хариуцна.

62.8. Хуульчдын танхим өргөдөл гаргагчийн энэ хуулийн 62.6-д заасан эрүүл мэндийн тодорхойлолт, мөн хуулийн 54.3-т заасан Ёс зүйн шинжээчдийн дүгнэлт зэргийг харгалзан өргөдөл гаргагч нэг бүрээр хэлэлцэн нууцаар санал хурааж, олонхийн саналаар 3-аас доошгүй нэр дэвшигчийн нэрийг тодруулан 5 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.

62.9. Хуульчдын танхим нь өргөдөл гаргагчийн зан байдалтай холбоотой ёс зүйн дүгнэлт гаргуулахаар Хуульчдын танхимын ёс зүйн хорооны гишүүдээс 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилно.

 

 

ДОЛдугаар бүлэг

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРОО, ТҮҮНИЙ АЖИЛЛАХ ЖУРАМ

 

63 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний бүрэн эрх

63.1. Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд Хуульчдын танхимын хүсэлтээр дүгнэлт гаргах, хуульч энэ хууль болон хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн эсэх болон хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргаан (цаашид "маргаан" гэх)-ыг гомдлын дагуу хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

63.2. Мэргэжлийн хариуцлагын хороо 30 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг 1 удаа улируулан ажиллуулж болно.

63.3. Мэргэжлийн хариуцлагын хороо нэр хүндтэй хуульчдаас бүрдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд шүүгчдийн төлөөлөл 18, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл тус бүр 8 байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүдийн 10 нь анхан шатны шүүхийн шүүгч, 6 нь давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2 нь хяналтын шатны шүүхийн шүүгч байна.

63.4. Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүдэд нэр дэвшүүлэх эрх Хуульчдын танхимын прокурор, өмгөөлөгчдийн хороонд, прокурор гишүүдэд нэр дэвшүүлэх эрх Хуульчдын танхимын шүүгч, өмгөөлөгчдийн хороонд, өмгөөлөгч гишүүдэд нэр дэвшүүлэх эрх Хуульчдын танхимын шүүгч, прокуроруудын хороонд байна. 

63.5. Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд Захиргааны давж заалдах шатны шүүхийн шүүгч орохыг хориглоно.

63.6. Мэргэжлийн хариуцлагын хороонд хамгийн удаан хугацаагаар ажилласан гишүүн хорооны дарга байна. Хамгийн удаан ажилласан хоёр ба түүнээс дээш гишүүд байвал хороо дотроо сонгууль зохион байгуулж тэдгээр гишүүдээс даргаа сонгоно. Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга энэ хуулийн 63.9-д заасан ажлын албыг удирдана.

63.7. Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргааныг 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх ба бүрэлдэхүүнд шүүгч 3, прокурор, өмгөөлөгч тус бүр 1 байна.

63.8. Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хуваарилах болон маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилохтой холбоотой журмыг Зөвлөл батална.

63.9. Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын албатай байна. Ажлын албаны орон тоо, ажиллах журмыг Зөвлөл батална.        

 

64 дүгээр зүйл. Маргаан үүсгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа

64.1. Мэргэжлийн хариуцлагын хороо нь энэ хуулийн 63.1-д заасан маргааныг зохих этгээдүүдийн гомдол, хүсэлтээр үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

64.2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой иргэний болон  эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаа явагдаж байгаа эсэхээс үл хамааран тухайн хуульчтай холбоотой гомдол, хүсэлт ирсэн бол Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан үүсгэх эрхтэй.

            64.3. Маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн маргаантай холбогдуулж мэдээлэл цуглуулах, мэргэжлийн дүгнэлт гаргуулах зорилгоор бие даасан шинжээч томилох эрхтэй.

64.4. Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зарчмыг жишиг болгосон журмаар явагдана.

64.5. Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг Зөвлөл батална.

64.6. Мэргэжлийн хариуцлагын хороо дараах маргааныг хянан шийдвэрлэнэ:

64.6.1. өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг үйлчлүүлэгчийн гомдлоор;

64.6.2. шүүгч, прокурор, өмгөөлөгчийн хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн тухай болон хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэнтэй холбоотой үүссэн маргааныг шүүгч, прокурор, өмгөөлөгчийн гомдлоор;

64.6.3. хуульч энэ хуулийг болон Хуульчдын танхимын хууль ёсны шийдвэр, үүрэг даалгаврыг зөрчсөнтэй холбоотой маргааныг Хуульчдын танхимын хүсэлтээр. 

64.7. Энэ хуулийн 64.6.2-т заасан шүүгчийн гомдлыг бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, прокурорын гомдлыг аймаг, нийслэл дүүргийн прокурор, өмгөөлөгчийн гомдлыг Хуульчдын танхимын өмгөөлөгчдийн хорооны аймаг нийслэлийн салбар хороо гаргана.

64.8. Энэ хуулийн 64.6.3-т заасан Хуульчдын танхимын хүсэлтийг зохих хороод гаргах бөгөөд хорооноос бусад Хуульчдын танхимын бүтэц гомдол гаргах бол Тамгын газар түүнийг төлөөлнө. 

64.9. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Хуульчдын танхим хариуцна.

 

65 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг шүүхэд давж заалдах

65.1. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

65.2. Давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.

65.3. Давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэрэгт хавсаргаж болно.

65.4. Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3, орон нутагт 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.

65.5. Давж заалдах гомдол гаргасан бол Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй..

65.6. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь энэ хуулийн 65.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргах бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг хороо тогтоол гарган шийдвэрлэнэ.

65.7. Энэ хуульд зохицуулснаас бусад давж заалдах гомдлыг гаргах, хүлээн авах харилцааг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна.

 

66 дугаар зүйл. Хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхийг хязгаарлах

66.1. Хуульчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон бол тухайн этгээд хуульч мэргэжлийн нэрийг ашиглан үйл ажиллагаа явуулах эрхгүй болно.

 

 

НАЙМДУГААр бүлэг

БУСАД ЗҮЙЛ

 

67 дугаар зүйл. Хуульчдын танхимын зохион байгуулалт, санхүүжилт

67.1. Хуульчдын танхим, түүний чиг үүргийн хорооноос байгуулагдах комисс нь нэг удаагийн байна.

67.2. Хуульчдын танхимын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Танхимын дүрмээр зохицуулна.

67.3. Хуульчдын танхимын санхүүжилт нь гишүүдийн татвар, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, давтан сургалтын төлбөрөөс бүрдэнэ.

67.4 Хуульчдын танхим нь тодорхой чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэхээр төрөөс санхүүжилт авах, улсын болон  гадаадын байгууллагын хандив, тусламжаар санхүүжиж болно.

67.5  Хуульчдын танхим санхүүгийн тайлангаа нээлттэй байлгаж, санхүүгийн аудитыг жил бүр хийлгэж, гишүүддээ жил бүр тайлагнана.

 

68 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох зүйл

68.1. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Хуульчдын танхимаас энэ хуулийг зохих ёсоор хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөх, саад хийх аливаа үйлдлийг хориглоно.

 

69 дүгээр зүйл. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих

69.1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаархи Хуульчдын танхимын үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлнэ.

69.2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хяналт тавина.

 

70 дугаар зүйл. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

70.1. Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулна.

70.2. Хуульчийн тусгай зөвшөөрөлгүй  болон мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй этгээд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хураана.

 

71 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

71.1. Энэ хуулийг 2011 оны ... дугаар сарын ... ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.         

 

 

 

 

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                  Д.ДЭМБЭРЭЛ

Last Updated on Thursday, 19 January 2012 12:48
 

Зар

* 2014.07.21-ээс 07.25-ны өдрүүдэд Сум дундын 15 дугаар шүүх иргэний 1 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ. * Шүүхийн мэдээлэл, лавлагааны алба, харилцах утас: 70532946, 99678442

Цахим сан

Banner

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр373
mod_vvisit_counterӨчигдөр512
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1342
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт905
mod_vvisit_counterЭнэ сард3383
mod_vvisit_counterӨнгөрсөн сард5756
mod_vvisit_counterБүгд148228

Online (20 minutes ago): 8
Today: Aug 21, 2014

Асуулт хариулт

Видео



Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module